📣 БАГШ НАРЫНХАА ХӨГЖИЛД ХИЙЖ БУЙ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ — CLAUDE AI
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Орхон ХаСү сургууль багш нарынхаа мэргэжлийн хөгжлийг дэмжих, өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх зорилгоор нийт багш нартаа Claude хиймэл оюуны PRO эрхийг ашиглуулж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Мөн зарим ажилтнууд ажлын хэрэгцээ, онцлогоосоо хамааран илүү өргөн боломж бүхий MAX эрхийг ашиглаж байна. 💻
Ингэснээр манай багш нар өмнө нь ашиглаж байсан Gemini for Education-оос гадна Claude AI-ийн төлбөртэй эрхтэй болж, хиймэл оюуны хоёр хүчирхэг хэрэгслийг сургалт, өдөр тутмын ажилдаа ашиглах боломжтой боллоо.
Бидний хувьд энэ нь зүгээр нэг шинэ программ нэвтрүүлж байгаа хэрэг биш. Харин багш нарынхаа цагийг хэмнэж, илүү бүтээлч, үр дүнтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт юм.
Багшийн ажил зөвхөн хичээл заах цагаар хязгаарлагддаггүй. Хичээлээ төлөвлөх, сургалтын материал боловсруулах, сурагчдын ялгаатай түвшинд тохирсон даалгавар бэлтгэх, суралцахуйн үр дүнд дүн шинжилгээ хийх, хичээл заах арга барилаа эргэцүүлэн сайжруулах гээд багагүй цаг, хөдөлмөр шаарддаг олон ажил бий.
Хиймэл оюуныг зөв ашигласнаар эдгээр ажлын заримыг илүү хурдан, үр дүнтэй гүйцэтгэж, багш нар маань сурагчидтайгаа ажиллах, хичээлээ чанаржуулах, өөрсдөө суралцаж хөгжихөд илүү их цаг зарцуулах боломжтой болно гэж бид үзэж байна.
Үүний зэрэгцээ сургууль “Хиймэл оюуныг хариуцлагатай ашиглах бодлого” боловсруулж, багш нар хиймэл оюуныг сургалт, өдөр тутмын ажилдаа үр дүнтэй ашиглахад зориулсан нэгдсэн промптын сан бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр багш нар хиймэл оюуны гаргасан мэдээллийг нягтлах, сурагчдын мэдээллийн нууцлалыг хамгаалах, академик шударга байдлыг хангах, сайн туршлагаа хоорондоо хуваалцах нэгдсэн зарчимтай болох юм.
Өөрийн сурч мэдсэн зүйлээ хамт олонтойгоо харамгүй хуваалцаж, багш нартаа Claude AI-ийн боломжуудыг танилцуулахын зэрэгцээ өдөр тутмын ажилдаа хэрхэн ашиглах талаар дадлага ажилтай сургалт зохион байгуулсан газарзүйн багш Б.Хишигдорж багшдаа баярлалаа! 👏
Хиймэл оюун багшийг орлохгүй. Харин түүнийг зөв ашиглаж, гаргасан үр дүнг нь нягтлан, өөрийн мэдлэг, туршлага, мэргэжлийн дүгнэлттэй хослуулж чадвал багшийн ажилд маш сайн туслагч болж чадна.
Багш нартаа шинэ зүйл туршиж, суралцаж, хөгжих боломжийг бүрдүүлэх нь эцсийн дүндээ сурагчдын маань суралцах орчин, сургалтын чанарт эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэдэг.
Шинэ боломжоо үр дүнтэй ашиглаж, улам ихийг сурч, бүтээх багш нартаа амжилт хүсье! ☺️☺️☺️
Бүх мэдээ рүү буцах