Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ӨДӨР — ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ӨДӨР — ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ
Анхны Үүсгэн байгуулагчийн өдрөөр Орхон ХаСү сургуулийн нийт багш, ажилтнууд ХаСү театрт цуглан, сургуулийнхаа үүсэл, түүхийг эргэн дурсаж, тэр түүхийг эхлүүлсэн болон үргэлжлүүлэн бүтээлцэж ирсэн хүмүүсийнхээ дурсамжийг сонссон хүндэтгэлийн уулзалт боллоо. Арга хэмжээг Орхон ХаСү сургуулийн ТУЗ-ийн дарга Я.Дашдорж нээж, үүсгэн байгуулагч, хэл бичгийн ухааны доктор Н.Хажидсүрэнгийн тухай ээжтэйгээ холбоотой дурсамж, түүний хүсэл мөрөөдөл, эхлүүлсэн үйл хэргийн талаар хуваалцлаа. Хүндэтгэлийн уулзалтыг 11А ангийн сурагч С.Мөнгөншатар, 11Б ангийн сурагч Н.Бат-Оргил, хөгжмийн багш Э.Мөнхзолбоо нар морин хуурын аялгуугаар эхлүүлж, арга хэмжээг чимлээ. Үүсгэн байгуулагчийн өдөрт зориулсан бүтээлийн уралдаанаас “Шилдгийн шилдэг”-ээр шалгарсан 12С ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, М.Чинсанаа нар өөрсдийн бүтээлээ танилцуулсан бол багш, ажилтнуудын “Сэтгэл хөдөлгөсөн бүтээл”-ийн эзэд Ж.Төгсжаргал, Х.Цэрэндолгор, Э.Бүдсүрэн нарын бүтээлээс Ж.Төгсжаргал бүтээлээ өөрөө уншиж, Х.Цэрэндолгорын бүтээлийг Монгол хэл, бичгийн багш Д.Дэлгэрэх уншиж танилцууллаа. Уулзалтын онцгой хэсэг нь сургуулийнхаа түүхийг өөрсдийн биеэр туулж, үүсгэн байгуулагчтай хамтран ажиллаж, эхний өдрүүдээс өнөөдрийг хүртэлх түүхийн өөр өөр үеийг бүтээлцсэн хүмүүсийн дурсамж байлаа. 🧡 🧡 🧡 Анхны зургаан багшийн нэг Б.Энхтуяа, анхны 59 сурагчийн нэг, өнөөдөр төрөлх сургуульдаа багшилж буй Б.Мөнхнасан, Орхон ХаСү сургуулийн түүхэн хөгжлийн олон үеийг хамт туулсан Н.Сүнжидмаа, үүсгэн байгуулагчтай ойр хамтран ажиллаж байсан солонгос хэлний багш Д.Мөнхзаяа, ХАБ-ын ажилтан Д.Түвшинтөгс нар анхны Үүсгэн байгуулагчийн өдрийн хүндэт зочдоор оролцож, тухайн үеийн сургууль, үүсгэн байгуулагчийн тухай дурсамж, сэтгэгдлээ хамт олонтойгоо хуваалцлаа. Тэдний ярианаас сургуулийн түүх гэдэг зөвхөн он цаг, барилга байгууламж, тоо баримтаар хэмжигдэхгүй, харин түүнийг эхлүүлж, үргэлжлүүлж, үеэс үед авч явсан хүмүүсийн түүх болохыг дахин мэдэрсэн сайхан уулзалт боллоо. Нэг хүн эхлүүлнэ. Дараагийн хүмүүс үргэлжлүүлнэ. Дараагийн үе нь бүр цааш авч явна. Өнөөдөр тэр үргэлжлэл нь бид юм. 🧡 ТҮҮНИЙ ЭХЛҮҮЛСЭН. БИДНИЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТҮҮХ. #orkhonkhasu #орхонхасү
Мэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах