Есдүгээр сарын 25-ны өглөө Орхон ХаСү сургуулийн 1–12 дугаар ангийн бүх сурагч хичээлийн эхний цагаа нэгэн зэрэг “БИДНИЙ ҮҮСЭЛ” сэдэвт Үү…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Есдүгээр сарын 25-ны өглөө Орхон ХаСү сургуулийн 1–12 дугаар ангийн бүх сурагч хичээлийн эхний цагаа нэгэн зэрэг “БИДНИЙ ҮҮСЭЛ” сэдэвт Үүсгэн байгуулагчийн өдрийн нэгдсэн хичээлээр эхлүүллээ.
Энэ бол жил бүрийн есдүгээр сарын 25-нд үргэлжлэх шинэ уламжлалын маань анхны нэгдсэн хичээл байлаа.
Нэг түүхийг хүүхэд бүр нас, сэтгэхүйн онцлогтоо тохируулан өөрийнхөөрөө ойлгож, өөртөө авч үлдэх нь чухал. Тиймээс нэгдсэн хичээлийг 1–2, 3–5, 6–9, 10–12 дугаар ангийн сурагчдад зориулан дөрвөн өөр агуулга, арга зүйгээр бэлтгэлээ.
1–9 дүгээр ангийн нэгдсэн хичээлийг анги удирдсан багш нар ангидаа удирдан явуулсан бол 10–12 дугаар ангийн сурагчдын нэгдсэн хичээлийг ХаСү театрт сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Л.Баянжаргал удирдан явууллаа.
🌱 1–2 дугаар анги: “Мөрөөдвөл биелнэ”
Бяцхан сурагчид маань “ХаСү гэж юу гэсэн үг бол?” гэсэн таавраас хичээлээ эхэлж, ХАжидСҮрэн хэмээх нэрнээс сургуулийнхаа нэр бүтсэнийг олж мэдлээ.
Завхан аймгийн Сонгино сумын малчин айлын охин урлаг, спортод дуртай, жүжигчин, дуучин болохыг мөрөөддөг байсан тухай, 8 дугаар ангидаа шанз хөгжим тоглон алтан медаль хүртэж, хожим гадаад хэлний багш болж, улмаар өнөөдрийн бидний сургуулийг үүсгэн байгуулсан түүхтэй танилцав.
Хичээлийн төгсгөлд хүүхдүүд “Мөрөөд! Хичээ! Тусал!” гэсэн гурван үгийг тээн ангиараа өөрсдийн Мөрөөдлийн модоо бүтээлээ.
⭐ 3–5 дугаар анги: “Тэр яаж ийм том зүйл бүтээж чадсан бэ?”
Сурагчид малчны охиноос хичээнгүй сурагч, гадаад хэлний багш, улмаар сургуулийн үүсгэн байгуулагч болсон замыг нь даган, “Өөрийн орондоо гадаад хэлтэй мэргэжилтэн бэлтгэх юм сан” гэсэн нэгэн бодол хэрхэн бодит үйл хэрэг болон өргөжсөнийг ярилцлаа. Энэ бодлоос 1991 онд “Эрдэм” гадаад хэлний дамжаа, 1992 онд “Орхон” дээд сургууль, улмаар “Орхон” дунд сургууль үүссэн түүхтэй танилцав.
Мөрөөдөл өөрөө биелдэггүй, харин хичээл зүтгэл, зорилго, тууштай байдал мөрөөдлийг бодит зүйл болгож чаддаг гэдгийг түүний амьдралын замаас харж, хүүхдүүд хичээлээс өөрт үлдсэн бодол, мөрөөдлөө Үүсгэн байгуулагчийн өдрийн дасгалын дэвтэртээ зурж, бичиж үлдээлээ.
🔗 6–9 дүгээр анги: “Нэг хүний сурч мэдсэн зүйл хэдэн хүний амьдралд нөлөөлж чадах вэ?”
Дунд ангийн сурагчид үүсгэн байгуулагчийн түүхээр дамжуулан нэг хүний сурч мэдсэн зүйл хэрхэн бусдад хүрч, улмаар сургууль, багш, үе үеийн сурагчдад нөлөөлөн үргэлжилж болдгийг эргэцүүллээ.
2001 онд 59 сурагч, 6 багш, 3 ангитайгаар эхэлсэн сургуулийн анхны багш, анхны сурагч өнөөдөр ч Орхон ХаСү-д багшилж байгааг, мөн энэ сургуулийн өөрсөдтэй нь адил сурагч байсан 9 сурагч өнөөдөр төрөлх сургуульдаа багшилж байгааг хүүхдүүд маань олж мэдлээ. “Өчигдрийн сурагчид — өнөөдрийн багш нар” болсон тэдний түүх сургуулийн түүх үеэс үед хэрхэн үргэлжилдгийг бодитоор харуулсан сонирхолтой хэсэг байв.
СУРАЛЦАХ → ӨСӨХ → БҮТЭЭХ → ХУВААЛЦАХ → НӨЛӨӨЛӨХ гэсэн холбоог ярилцаж, “Миний сурч байгаа зүйл хэнд хэрэг болж чадах вэ?” гэсэн асуултад өөрийн хариултаа олж, хосоороо санал бодлоо хуваалцан, өөрийн хийх “эхний алхам”-аа тодорхойллоо.
🧭 10–12 дугаар анги: “Түүний эхлүүлсэн. Бидний үргэлжлүүлэх түүх.”
Ахлах ангийн сурагчид сургуулийнхаа түүхийг эхлэлээс өнөөдрийг хүртэл эргэн харж, “Өчигдрийн сурагчид — өнөөдрийн багш нар” болсон төгсөгчдийнхөө түүхээр дамжуулан нэгэн үеийн эхлүүлсэн зүйл дараагийн үедээ хэрхэн үргэлжилдгийг харлаа.
Үүсгэн байгуулагч маань аливааг өнөөдрийн нөхцөлөөр хязгаарлалгүй, маргаашийн боломжийг хардаг хүн байсныг эргэн санаж,
“Өнөөдөр хаана байгаа чинь ирээдүйн чинь хязгаар биш.”
“Бүх хариултыг өнөөдөр мэдэх албагүй.”
гэсэн хоёр бодлыг ахлах ангийнхандаа үлдээлээ.
Нэг хүн эхлүүлнэ.
Дараагийн хүмүүс үргэлжлүүлнэ.
Дараагийн үе нь бүр цааш авч явна.
Өнөөдрийн ахлах ангийн сурагчид ч өөрсдөө анзааралгүй Орхон ХаСү сургуулийн үргэлжилж буй түүхийн нэг хэсэг болжээ.
🧡 Ийнхүү 40 минутын нэгэн хичээлээр бид хаанаас эхэлснээ мэдэж, өнөөдөр хаана байгаагаа харж, цааш юуг үргэлжлүүлэхээ бодлоо.
Харин энэ хичээлээр эхэлсэн яриа энд дуусахгүй.
Энэ долоо хоногт сурагчид маань өөрсдийн бодол, мэдрэмжээ зураг, захидал, шүлэг, эсээ, хөрөг бичвэрээр илэрхийллээ. Тэдгээр бүтээлээс энэ жилийн “БИДНИЙ ҮҮСЭЛ” номын хуудсуудыг бүтээх болно.
Ингэж бид Үүсгэн байгуулагчийн өдрийг зөвхөн өнгөрснөө дурсах өдөр бус, хаанаас эхэлснээ мэдэж, өнөөдрөө бүтээж, дараагийн үедээ юу үлдээхээ боддог өдөр болгон жил бүр үргэлжлүүлэхийг хүсэж байна.
Анхны Үүсгэн байгуулагчийн өдрийн нэгдсэн хичээлийг бэлтгэж, хүүхэд бүрт утга учиртай хүргэхийн төлөө сэтгэл гарган ажилласан нийт багш нартаа баярлалаа. 🧡
ТҮҮНИЙ ЭХЛҮҮЛСЭН.
БИДНИЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТҮҮХ.
#орхонхасү #orkhonkhasu





Бүх мэдээ рүү буцах