ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

ТҮҮХЭЭ ДЭЭДЭЛЖ • ӨНӨӨДРӨӨ БҮТЭЭЖ • ИРЭЭДҮЙГЭЭ ЗОРИНО
Орхон ХаСү сургуулийн түүх нэг хүний хүсэл мөрөөдөл, боловсролын үнэ цэнд итгэсэн итгэл, боломжийг олж харж, түүнийгээ бодит ажил болгохын төлөөх тууштай зүтгэлээс эхтэй.
Манай сургуулийг үүсгэн байгуулагч, хэл бичгийн ухааны доктор Нямаагийн Хажидсүрэнгийн төрсөн өдөр есдүгээр сарын 25-нд тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан бид энэ жилээс эхлэн жил бүр Үүсгэн байгуулагчийн өдөр — Founder’s Day-ийг тэмдэглэж, сургуулийнхаа нэгэн шинэ уламжлалыг эхлүүлж байна.
Founder’s Day-ийг жил бүр нэг нэгдсэн сэдвийн дор зохион байгуулах бөгөөд 2026 оны анхны сэдвийг “БИДНИЙ ҮҮСЭЛ” хэмээн сонголоо. Энэ жилийн сэдвээр дамжуулан бид сургуулийнхаа үүсэл, түүхийг эргэн харж, үүсгэн байгуулагч Н.Хажидсүрэнгийн амьдрал, үзэл санаа, сургуулийнхаа эхлэлийг тавьсан хүсэл мөрөөдөл, зорилготой илүү ойроос танилцах юм.
Үүсгэн байгуулагч Н.Хажидсүрэн хэл бичгийн ухааны доктор, багш, судлаач байсан учраас Монгол хэл, бичгийн хичээлд тулгуурлан бүтээл туурвих нь Founder’s Day-ийн нэгэн онцлог, жил бүр үргэлжлэх уламжлал байх юм. Энэ долоо хоногт 1–12-р ангийн сурагчид насны онцлогтоо тохируулан зурагт бүтээл, захидал, шүлэг, эсээ, хөрөг бичвэрээр энэ жилийн сэдвийг өөр өөрийнхөөрөө илэрхийлнэ. Багш, ажилтнууд маань ч үүсгэн байгуулагч болон сургуулийнхаа түүхтэй холбоотой дурсамж, нийтлэлээ бичиж үлдээнэ.
Харин эдгээр бүтээл зөвхөн нэг долоо хоногийн хүрээнд үлдэхгүй. Бүтээлээ ирүүлсэн сурагч бүрийн бүтээлийг тухайн жилийн сэдвийн дор эмхэтгэн ном болгон хэвлэж, жил бүр цувралаа үргэлжлүүлнэ. Ингэснээр хүүхдүүдийн маань бодол, дурсамж, хүсэл мөрөөдөл өөрсдийнх нь үг, бүтээлээр хадгалагдаж, жилээс жилд нэмэгдэх номууд нь өөрсдөө Орхон ХаСү сургуулийн түүхийн нэг хэсэг болон үлдэх юм.
Энэ уламжлалын бас нэг чухал хэсэг нь есдүгээр сарын 25-ны эхний хичээл байна. Жил бүр энэ өдрийн эхний цагт сургуулийн бүх анги Founder’s Day-ийн нэгдсэн хичээлээр хичээллэж, тухайн жилийн сэдвээр сургуулийнхаа түүх, үүсгэн байгуулагчийн амьдрал, үзэл санааны өөр өөр талыг танин мэднэ. Ийнхүү Founder’s Day нь жил бүр нэг сэдвийг хичээлээрээ танин мэдэж, бүтээлээрээ илэрхийлж, номдоо хадгалан үлдээдэг Орхон ХаСүгийн өөрийн уламжлал болон үргэлжилнэ.
Founder’s Day бол зөвхөн үүсгэн байгуулагчаа дурсан санах өдөр биш. Энэ бол бидний өдөр бүр сурч, ажиллаж, хамтдаа бүтээж буй сургууль хаанаас, ямар хүсэл мөрөөдөл, ямар итгэл үнэмшлээс эхэлснийг танин мэдэх, үүсгэн байгуулагчийн эхлүүлсэн үйл хэргийг үе үеийнхэн хэрхэн үргэлжлүүлэн хөгжүүлж ирснийг эргэн харах өдөр юм.
Нэг хүний эхлүүлсэн үнэ цэнтэй үйл хэрэг нэг хүний амьдралын хугацаагаар хэмжигддэггүй. Дараагийн үе нь үргэлжлүүлж, улам баяжуулж, дараагийн үедээ хүргэснээр түүх үргэлжилдэг.
2015 онд Орхон сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж, 2016 онд үүсгэн байгуулагчийнхаа нэрийг сургуулийн нэрэнд мөнхлөн ХАжидСҮрэн — ХаСү хэмээн нэрлэсэн нь энэхүү үргэлжлэлийн нэгэн илэрхийлэл билээ.
Өнөөдөр Орхон ХаСүгийн энэ түүхийг үе үеийн багш, ажилтан, сурагч, төгсөгч, эцэг эхчүүд хамтдаа үргэлжлүүлэн бичиж байна.
FOUNDER’S DAY 2026 | ORKHON KHASU
Бүх мэдээ рүү буцах