Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

Бид хамтдаа суралцахуйгаа эргэн харж, дараагийн алхмаа төлөвлөлөө

Бид хамтдаа суралцахуйгаа эргэн харж, дараагийн алхмаа төлөвлөлөө
Орхон ХаСү сургуулийн монгол болон гадаад багш нар Annual Teaching & Learning Planning Conference (TLPC) буюу Жилийн багшлахуй, суралцахуйн төлөвлөлтийн хурлынхаа хүрээнд өнгөрсөн хичээлийн жилийн багшлахуй, суралцахуйн үйл ажиллагаагаа эргэн харж, ирэх хичээлийн жилийн сайжруулалтын чиглэлээ хамтдаа тодорхойлоход хичээлийн жилийн эхний долоо хоногийг зориуллаа. Энэ хугацаанд багш бүр өөрийн ажлын үр дүн, туршлага, нотолгоогоо эргэн харж, хувь хүний эргэцүүллээ хийсэн бол судлагдахууны багууд мөн багшлахуй, суралцахуйн үр дүнгээ хамтдаа дүгнэж, сайн туршлага, тулгамдсан асуудал, сайжруулах боломжуудаа тодорхойлон хэлэлцлээ. Энэ удаагийн хурлын гол зорилго нь хийсэн ажлаа тайлагнахаас илүүтэйгээр бодит үр дүн, туршлагадаа тулгуурлан юу сайн болсон, юуг өөрчлөх шаардлагатай, цаашид юунд төвлөрөх вэ гэдгээ тодорхойлоход чиглэсэн юм. Тиймээс эргэцүүллээ зөвхөн танилцуулаад өнгөрсөнгүй. Багш нар өөрсдийн туршлага, ажиглалт, нотолгоонд тулгуурлан харилцан асуулт тавьж, санал солилцож, сайн туршлагаа хуваалцан, сурагчдын суралцахуйд илүү бодит өөрчлөлт авчрахын тулд юуг хэвээр үргэлжлүүлэх, юуг өөрчлөх, юуг шинээр турших вэ гэдгээ хамтдаа эрэлхийллээ. Бид хаана байна? Юу сайн ажиллаж байна? Юуг өөрчлөх хэрэгтэй байна? Ямар өөрчлөлт сурагчдын суралцахуйд хамгийн их нөлөө үзүүлэх вэ? Эдгээр асуулт энэ удаагийн хэлэлцүүлгийн гол цөм байлаа. Одоо энэхүү эргэцүүлэл, хамтын хэлэлцүүлгээс гарсан санаа, санал, сайжруулах чиглэлүүддээ тулгуурлан багш бүр болон судлагдахууны баг бүр ирэх хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж эхэлж байна. Энэ төлөвлөгөө нь хийх бүх ажлаа жагсаах биш хамгийн чухал тэргүүлэх чиглэлүүдээ сонгон, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, амжилтын шалгуур / нотолгоо, хариуцах хүн/баг, хугацаа болон шаардлагатай дэмжлэгээ тодорхойлж, бодит хэрэгжилтэд чиглүүлэх зорилготой. Ингэснээр TLPC нь нэг удаагийн хурал бус харин Эргэцүүлэл → Төлөвлөлт → Хэрэгжүүлэлт → Нотолгоо → Сайжруулалт гэсэн тасралтгүй мөчлөгийн эхлэл болно. Бүтэн долоо хоногийн энэхүү хамтын ажил маань өнгөрсөн хичээлийн жилээ дүгнээд дуусах биш харин бодит туршлага, нотолгоонд тулгуурлан ирэх хичээлийн жилийн сайжруулалтаа эхлүүлсэн алхам байлаа.
Мэдээний зурагБүх мэдээ рүү буцах