Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

🇲🇳🇺🇸 МОНГОЛ–АМЕРИКИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

🇲🇳🇺🇸 МОНГОЛ–АМЕРИКИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
2025–2026 оны хичээлийн жилийн төгсгөлд АНУ-ын Вермонт мужийн Champlain Valley Union High School-ийн захирал Katherine Riley, түүхийн багш Garett MacCurtain нар 19 суралцагчийн хамтаар Монгол Улсад хүрэлцэн ирж, Орхон ХаСү сургуультай хамтарсан боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Америк суралцагчид Монголд ирэхээсээ өмнө Орхон ХаСү сургуулийн Cambridge IGCSE, A Level түвшний газарзүйн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчидтай цахимаар хамтарсан танилцуулга, илтгэлүүд хийж эхэлсэн юм. Хоёр сургуулийн суралцагчид багуудад хуваагдан, Монголд уулзах хүртлээ хамтран танилцуулга хичээлүүд бэлтгэж, улмаар Орхон ХаСү сургууль дээр газарзүйн багш, Миссүри их сургуулийн магистр Б.Лхагвасүрэн багшийн чиглүүлэгтэйгээр багийн ажлуудаа танилцуулсан нь энэхүү хөтөлбөрийн боловсролын хамтын ажиллагааны чухал хэсэг байлаа. Мөн Орхон ХаСү сургуулийн 11 дүгээр ангийн суралцагч Б.Мөнхтулга, У.Анар-Эрдэнэ, Г.Дөлгөөн, Э.Өрнүүнхангай нар Champlain Valley Union High School-ийн багш, суралцагчидтай зургаадугаар сард таван өдрийн турш хамт байж, олон төрлийн үйл ажиллагаанд оролцон хоёр сургуулийн суралцагчдын нөхөрлөл, харилцаа холбоог улам өргөжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд суралцагчид Монгол гэрийн ёс заншилтай танилцаж, өрөөний хуваарилалтаа шагайн наадгай ашиглан хийхээс эхлээд сааль саах, малын хашаа хороо болон нийтийн эзэмшлийн талбай цэвэрлэх, аргал түүх зэрэг өдөр тутмын ахуйн ажилд оролцов. Мөн уламжлалт сүүн бүтээгдэхүүн боловсруулах, хонины ноос самнах, эсгий болон сур хийх, отор гэр барих зэрэг Монгол ахуй, өв соёлтой холбоотой дадлага ажлуудыг хамтран хийлээ. Монголын түүхийн талаар суралцаж, түүхэн үйл явдлуудыг жүжигчилсэн тоглолтоор бүтээлчээр илэрхийлэхийн зэрэгцээ ургамал таних явган аялал, байгальд анхны тусламж үзүүлэх сургалт, Наадам сэдэвт багийн тэмцээн, бууз хийх, хонины борц боловсруулах уламжлалт арга барилтай танилцах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцов. Хөтөлбөрийн турш хамтран хорхог зооглож, нөхөрлөлийн үдэшлэг, караокед оролцон хоёр сургуулийн суралцагчид дурсамж дүүрэн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Энэхүү айлчлал нь зөвхөн Монголын ахуй, түүх, соёлыг танин мэдэх аялал байгаад зогсохгүй хоёр орны суралцагчид хамтран суралцах, үзэл бодол, туршлагаа хуваалцах, шинэ нөхөрлөл бий болгох бодит боломж болсон билээ. Мөн хоёр сургуулийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн суралцагч солилцоо, зуны хөтөлбөр, цахим уулзалт, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар талууд санал солилцсон нь энэхүү айлчлалын бас нэгэн чухал үр дүн байлаа. Энэхүү боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрийг санаачлан, хоёр сургуулийг холбон хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Орхон ХаСү сургуульд дэлхийн түүх, газарзүйн багшаар ажиллаж байсан Ryan багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🇲🇳🤝🇺🇸
Мэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах